Зандар Хорвоотой Танилцсан нь "үргэлжлэл"

November 24, 2017

 

Нэг дүгээр хэсгийг уншихыг хүсвэл энд дарна уу

 

...манай нөхөр хөнжил сөхөж хүүхдийн толгой гарч байгааг хараад түргэний товчлуур дархад хэдхэн хоромын дотор арав гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өрөөнд ороод ирлээ. Танихгүй эмч бээлийгээ өмссөөр ирж бэлэн болсон үедээ дүлээрээ гэв. Ганц хүчтэй дүлэлтээр хүүхэд гулгаад л гараад ирлээ. Сувилагч хүүг минь шууд аваад явсан. Хүүгийнхээ чарлахыг сонсон амьд байгааг нь мэдээд дотор уужирч байсан.

 

Богино хугацаагаар амрааж байгаад дахин нэг дүлүүлж эхэсийг гаргаж авлаа. Бүх үйл явдал ямар ч урьдчилсан бэлтгэлгүй байхад болсон учир жижүүр эмч миний хүүг эх барьж авсан. Эх эмч маань миний жирэмсэний түүхийг мэдэхгүй болхоор эхэс дотор спраль байгааг санууллаа. Эхэсийг лацтай уутант хийхээс өмнө манай нөхөр болон сувилагч нар эргүүлж тойруулан байж дээд хэсгээс нь өнөөх хэргийн эзэн спарлийг олов. Миний ахны төрөлт ядах юмгүй амархан байсан. Нугасны мэдээ алдуулах тариа хийлгүүлсэнгүй, нэг ч оёдол тавиулсангүй. Эхэсийг лаборатори руу илгээж  шинжилгээ хийхэд эхэс хүй хүртэлээ мөөгөнцөртэй байна гэдэг хариу ирлээ. Эрт төрсөн шалтгаан минь үүнтэй холбоотой байх магадлалтай.

 

"Хүүхдүүд төрсөн өдрөөрөө төрдөг" гэдэг үг бий.

Миний хүү 1кг 750 гр төрж эрчимжүүлсэн эмчилгээний тасагт 66 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний хүүгийн туулсан аян бяцхан биенд нь ахадсан аялал. Хорвоод ирсэн анхны өдрөө амьсгалын аппарад, тэжээлийн гуурс тэгээд жижигхээн живх өмсөж хорвоотой танилцсан. Төрөөд хоёр цагийн дараа анх удаа хүүгээ харлаа. Өөдөсхөн бие нялзрай арьсанд нь хүрч бас хүүгээ үнэрлэв. Сувилагчийн тусламжгүйгээр гар дээрээ авах боломжгүй. Биенээс нь олоон олон чагнах төхөөрөмж зүүсэн байсан ч амьсгал, зүрхний цохилтыг нь сонсоод хорвоогийн хамгийн аз жаргалтай аав ээжүүд болсонсон. Би тэр шөнөдөө унтаж чадсангүй. 12 долоо хоногийн өмнө төрсөн хүүхэд амьдарч чадах болов уу гэж бодхоор нойр хүрэхгүй. Эмч сувилагч нар мэдээлэл сайн өгсөн ч эх хүний араншин илүү юманд сэтгэл  зовно.

 

 Төрснөөс 5 хоногийн дараа

 

Төрснөөс хоёр хоногийн дараа би эмнэлгээс гаргах болов. Гэвч хүү маань үлдэнэ. Энэ хамгийн хэцүү өдөр байлаа. Америкд ээж нь эмнэлгээс гархаас өмнө хүүхдэд нэр өгөх ёс журамтай. Тэгээд нэр хайрлах үүргийг нөхөртөө өгөв. Англи Монгол аль алинд нь байдаг Зандар Zander гэдэг алдартай боллоо миний хүү. Энэ манай буурал өвөөгийн нэр л дээ.

 

Төрхийн эмнэлгээс гарч байгаа ээжүүдийг нүдэндээ төсөөлөхөд энгэртэй хүүхдээ тэвэрчихсэн гэрлүүгээ яаран догдолсон харагддаг. Харамсалтай ч бүх ээжүүд тийм байдаггүй ээ. Миний хувьд эмнэлгээс хоосон гартай гарч байлаа. Манай гэр бүл нэгэн дээвэр доор байхгүй гэж бодхоор л зүрх хөндүүр оргино. Ундраа найз минь унаатай ирж гэрт хүргэж өгсөн. Гэрлүү харих замд сэтгэл санаа гэж үгээр илэрхийлэшгүй... уйлахгүйг хичээж өөр юманд төвлөрөвч дотор хүнд бас их гунигтай байлаа. 

 

Гэртээ ирсэн эхний шөнө хөхөнд сүү орж эхлэв. Энгэрээс минь уураг гоожоод сэтгэл догдлуулсан мөч байсан ч хөхүүлэх хүүхэд байхгүй, хөхний саалтуур ч байхгүй гараараа л баахан базав. Хүүхэд эрт гарсан болхоор үнэндээ бэлтгэлгүй байлаа. Тэр шөнөдөө хөх зангираад өглөө гэхэд чулуу шиг хатуу болчихсон. Сэрэнгүүтээ шууд хүү рүүгээ явж эмнэлгийн саалтуураар хөхөө суллаж ЭХ хүний мөн хөх сулрах жаргалыг мэдэрч  билээ. Миний хүү 2 мл уураг 2 цаг тутамд тэжээлийн гуурсаар ууж анх хоолонд орж байсан. Төрөөд 3 хоногийн дараа нярайн шарлалт болоод цэнхэр гэрэл доор өдөрт 22 цаг байх ёстой боллоо. Нөхөр бид хоёр өдөрт 2 цаг тэврэх эрхтэй гэсэн үг. Тэр хоёрхон цагтаа биеэ их бэлднэ. Хоолоо сайн идэж, хөхөө сааж, жорлон орж, гараа угааж ариутгагч түрхсэний дараа цамцаа тайлж хүүхэдтэйгээ арьсаараа хүрэлцэж тэврэх гээд баахан хөөрдөг байсан. Өөрсдийнхөө ээлжийг тэсэн ядан хүлээнэ. Хэрвээ ээлжээ алагасавал 48 цаг хүлээх болно шүү.

 

 

Зандарыг эмнэлэгт байхад хэд хэдэн хүнд үеүүд байсан. Мөөгөнцрийн эсрэг 14 хоногийн курс эмчилгээ антибиотики хийх гэтэл гарын судаснууд нь бусад тэжээлийн дусалнуудаасаа болоод хагараад болдоггүй. Тэгээд баруун гараас нь зүрх хүртэл уян зүү суулгах санал ирлээ. Эмчтэй нь сайн муу бүгдийг нь зөвлөлдөөд уян зүү байршуулахад зөвшөөрч гарын үсэг зурж өрөөг орхих заавар аваад гарлаа. Сэтгэлд бөөн юм хурна. Үдээс хойш надаас 3 сарын өмнө төрсөн найзууд Shari, Linda хоёртойгоо өдрийн хоол идэв. Тэр хоёрыг хараад л учиргүй уйлж билээ. Саяхан төрсөн ээжүүдийн сэтгэл санаа үймэрсэн үе дээ.

 

Ингээд байж байтал дараагийн хүнд үе ирлээ. Хоол боловсруулах эрхтэн нь хэвийн бус болж хоолоо шингээхээ болив. Эмч нар сүү өгөхийг зогсоож 3 хоног эмчилгээ хийнэ гэнэ. Энэ үе надад илүү хүнд туссан. Би сүүгээ өгч л хүү дээ ганц тус болж байна гэж элгээ дэвтээдэг байтал тэрийгээ өгч чадахгүй болчихов. Эмчилгээ 3 хоног байснаа 5 болж сунгагдаж тэгээд бүр 7 хоногийн курс эмчилгээ болов. Би хөхөө саах болгондоо уйлна, саагаад ч хүү дээ өгч чадахгүй гэж бодхоор л нулимс урсаад ирнэ. Нөгөө уян зүүг энэ эмчилгээнд ашиглаж төлөвлөж байснаас удаан биенд нь байлгасан. Зандарын Монгол сувилагч “өлсөөд уйлахаар нь соосгонд нь чихэртэй ус түрхээд түрүйлгээр нь харуулаад хэвтүүлсэн чинь унтчихлаа” гэж хэлж байсан. Сониноос Чикаго хотын тэр том эмнэлэгийн нярай хүүхдийн эрчимжүүлсэн тасагт нэг Монгол сувилагч байж таарч миний хүүг Монгол гэдгийг сонсоод Зандарын тасагт шилжин ирж өдрийн ээлжийг хариуцсан сувилагч болж надаас ч илүү анхаарал халамж тавьж байсан. Түүний нэрийг Тамир гэдэг. Зандарыг харах гээд яарсаар ирдэгсэн. Шөнийн ээлжиндээ Andrew гэж бас их сайхан сэтгэлтэй миний хүүд жигтэйхэн сайн сувилагчтай. Азтай хүү шүү!

 

32 долоо хоногтой Зандар

 

Цаг хугацаа гялалзаж Зандар хүү ч цагаар өсөж гялалзсаар инкубатораасаа мөн амьсгалын аппараднаасаа ч салав. Ээж нь баярлаад хувцас өмсүүлж үзээд л бүх зүйл сайхан болж байтал гэнэт юм бишдээд ирэв. Өөрөөрөө амьсгалж чадахгүй дээр нь биеийнхээ дулаанаа барьж чадахгүй хөрөөд байлаа. Олон шинжилгээ хийсний эцэст шээсний сүвийн үрэвсэл гэдэг хариу гарсан. Эргээд л инкубатортаа орж, амьсгалын аппарад зүүж, мөн дусалд оров. Шээсний сүвийн үрэвслийн эмчилгээ дангаараа амьсгал болон биеийн дулаанд нь нэмэр болохгүй байсан тул цус өгөхөөр болов. Төхөөрөмжүүд нь орилоод л хүүхэдрүүгээ цус орж байгааг харах амаргүй байсаан. Бие нь дээрдэхгүй хэд хоногийн дараа дахиад цус нөхөж хийсэн.

 

 35 долоо хоногтой Зандар аавтайгаа

 

Энэ хугацаанд Монгол сувилагч маань зүүн төмсөгний хэсэгт эвэрхий байгааг олж мэдлээ. Хүйсэн дээрээ бас эвэрхийтэй гэхдээ гараараа дараад оруулчихдаг байв. 38 долоо хоногтойдоо эвэрхий болон нуугдсан шодой ил гаргах хагалгаанд орсон. Хэдийгээр мэс ажилбар мэт жижиг хагалгаа боловч унтуулж байгаад хийнэ. Хагалгаа л бол хагалгаа шүү дээ! Өмнөх оройноос эхлээд хоол сойно. Миний яаж санаа амар байхав. Хүүгээ хархаар өрөвдөөд эмнэлгээс явж ядаад тэр шөнөдөө ойрхон буудалд хонож байсан. Ойрхон байгаа гэж санахаар сэтгэл өег бас өглөө эрт очиж харах санаа нь тэр. Ингээд миний хүү эвэрхийний хагалгаанаас 4 хоногийн дараа, нийт эмнэлэгт 66 хоноод гарав.

 

Энэ дашрамд хэлэхэд эмнэлэгийн цэвэрлэгч, манаачаас авхуулаад эмч, сувилагч, дарга, цэрэг бүх ажилтанд чин сэтгэлээсээ баярлаж явдагаа хэлмээр байна. Мөн хүүгээрээ дамжуулж олон сайхан хүмүүстэй танилцаж 2 сувилагчтай нь сайн найзууд болсон шүү.

 

Миний хүү эрт төрсөн гэлтгүй эрүүл чийрэг өсөн  торинож хэвийн хүүхдийн хэмжээнд гялс нөхөөд очсон. Нэг насны эмчийн үзлэг дээр эмч нь нүдний эмч дээр очиж нүдийг нь шалгуул гэж хэлсэн. Жоохон хүүхдүүд юм сайн харахгүй байхаар төвлөрөхийн тулд нүдээ долир болгож хүчилж хардаг юм байна. Томчууд нүдээ онийлгож хардаг шиг. Эмчийн зөвлөгөөгөөр харааны шил зүүж, сайн хардаг нүдийг лэнтээр таглаж, муу хардаг нүдийг нь илүү ажиллуулах арга хэрэглэсэн ч жоохон болхоор учрыг нь ойлгохгүй хуулж хаячаад бид хоёрын хооронд хөөрхөн дайн болно. Ингэж жил гаран явсан.

 

 11 сартай даа Цагаан сараар

 

Нүд хүний ерөнхий гадаад төрхөд тийм чухал үүрэг гүйцэтгэдгийг би мэддэггүй явж. Бид гурав хүнсээ цуглуулаад дэлгүүрт явж байтал нэг танихгүй хүн “Танай хүү Дауны синдромтой юу?” гэж асууж байсан. Нүд нь солир болхоор хүмүүст эрүүл бус харагддаг байх нь. Хүүхдийн тоглоомын талбай дээр том хүүхдүүд "Танай хүүхдийн нүд яасан юм бэ?" гэж элбэг ирдэг асуулт. Том болоод цэцэрлэг сургууль даа нүднээсээ болж шоглуулах вий гэхээс аав ээж хоёрынх нь сэтгэл өвдөнө. Хүмүүс зүгээр сонирхож ялан гуяа хүүхдүүд шалтгааны улмаас асууж байгаа ч ээжид нь эмзэг сэдэв. Зандарын нүдний эмч нүдний гажиг засах хагалгаа энэ жилд хийлгэх санал тавиад өнгөрсөн Пүрэв гаригт 2017.11.16-нд нүдний хагалгаанд орж амжилттай болсон. Нүд нь шууд хэвийн болдоггүй юм байна. Яваандаа засрахад нь нөлөөлөх хагалгаа байж. Эхний өдөр нулимс нь цустай гараад аймаар юм билээ. Би хүүгээ дайчин тэмцэгч гэдгийг мэднээ! Tийм болхоор бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг. Энэ хагалгаа сүүлийнх гэж найдаж байна.

 2 ой хагастай Зандар 

 

Энэ урт, нарийн тоочсон, хүн бүрт хэлээд байдаггүй эмзэг сэдвийг минь хамт уншсанд баярлалаа. Хүүгийнхаа бяцхан түүхийг хуваалцаж байгаа учир нь: Энэ хорвоогийн бүх ээжүүд адилхан замыг өөр өөрийн заяа төөргөөр туулж яваа гэж би боддог. Бидний дунд эндсэн, бүтээгүй, эрүүл бус хүүхэдтэй ээжүүд зөндөө бий. Та нар минь ганцаараа биш шүү. Ээжүүд бүгд нэгнийгээ ойлгож бас хайраладаг. Энэ хорвоогийн бүх ЭЭЖҮҮД МАНДТУГАЙ!

 

“Ээж болно гэдэг өөрт байдаг далд хүч чадлаа нээж, хэзээ ч мэддэггүй байсан айдастайгаа тэмцэхийг хэлнэ.”- Linda Wooten.   Энэ үгээр өндөрлъе.

 

Та өөрийнхөө ээж болсон үеийн нандин түүх болон хүүхдийнхээ хөөрхөн дурсамжнаас хуваалцахыг хүсвэл #минийтөрсөнтүүх гээд facebook, instagram дээрээ бичээрэй. Бусад ээж нар ч бас өөр дурсамж уншхийг хүсэж байгаа байхаа.

 

Баярлалаа! Дараагийн бичвэрээр уулзатлаа баяртай!

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive