Хүүхдийн дотор Сүмбэр уул, Сүн далай бий

January 23, 2019

Ээж болоод хорвоотой ахисан түвшинд дахин танилцсаар. Цэцэг цэврүү шиг ариухан амьтныг баахан булингартсан би хүмүүжүүлнэ гэж юусан билээ? Хүү минь л намайг хүмүүжүүлж хорвоод бид ямархан хөөрхөн эвдэрээгүй амьтад ирдэгийг сануулж байна даа. 

 

 

Хүүхэд хүмүүжлийн хэдэн ном сэтгүүл сөхсөн ч миний сэтгэлд хүрсэн хорвоо ертөнцтэй танилцуулсан, ижий аавтай нь холбосон, аж амьдралтай нь уялдуулсан, алсын аслыг харуулсаныг нь олсонгүй ээ. Саяхан би хүүдээ үлгэр дуудах санаатай "Сүмбэр уулыг дов байхад, Сүн далайг шалбайг байхад" гэж хэлэхдээ Эртээ урьдын цагт - Once upon a time гэхийг данзгар хэлж байгаа шүү энэ Монгол хэл гэж бодонгоо Гүй ээ! нээрээ нэг ийм гараараа тоглодог тоглоом байдаг биш билүү гэсээр интернэт ухав. 

 

Монгол үндэсний тоглоом наадгай гэж хүмүүжлийн үнэлэшгүй өв соёл байх юмаа.  Хүүхдийн хэл зүгшрэхэд, сууж сурхад, харилцан ойлголцож нэгнээ сонсож сурхад, хамгийн гол нь төсөөлөн бодход нь тустай ажээ.

 

Их хотын суурин амьдралтай надад сүрэг мал байхгүй ч миний сэтгэлд нэг хэнз хурга, ганц сайхан загал морь, хэдэн саалийн үнээ, адуу мал бий. Энэ нөгөөх сэтгэн бодох чадамжтай холбоотой биш гэж үү? хэхэ. Багадаа хэдэн хэлц үг, түргэн хэллэг, дуу шүлэг цээжилсний ач тус шүү дээ. Ээж нь хүүдээ эрдэм мэдлэг зааж сургаж чадахгүй ч хайрцаггүй сэтгэж, сэтгэлдээ хүйтэн төмөр, машин тэрэг биш халуун хошуутай амьд амьтан тээж явхад нь туслая гэж бодож явна. 

 

Сүмбэр Уул наадгайг томчууд бид цээжлээд хоорондоо тоглосон ч болно. Хүүхдүүд бол бүр л хөөрхөн. Шомбойтол суугаад харилцан нэгнээсээ асуугаад шулганаад л... Энэ тоглоомд дүрэм журам гэж байхгүйг санаарай! Ай даа дүрэмгүй тоглоом ховор шүү ховор.

 

Хоёр гараараа Сүмбэр уулаа бүтээгээд харилцаа үг асуулт хариулт болж тоглоно. 


- Үүнийг юу гэдэг юм бэ? гэж гарлуу нь заахад
- Сүмбэр уул гэдэг юм.

- Зүүн гарын долоовор хурууг заагаад асуувал 
- Сүмбэр уулын мөнгөн багана.
- Эрхий хурууг зааж Энэ юу юм бэ? гэвэл
- Сүмбэр уулын шүрэн багана.
- Баруун гарын долоовор хурууг зааж Энэ юу юм бэ? гэвэл
- Сүмбэр уулын алтан багана.
- Энэ алтан, мөнгөн, шүрэн багана дээр юу суудаг юм бэ? гэвэл
- Энэ гурван баганын орой дээр Алтан гургалдай сууж аялгуу сайхан дуугаа донгодно.

- Баруун хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ? гэвэл
- Үүгээр азарга ордог юм.
- Зүүн хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ? гэвэл
- Үүгээр Буур ордог юм.
- Урд хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ? гэвэл
- Үүгээр Бух ордог юм.
- Баруун гарын дунд ба ядам хосолсон хурууг зааж Энэ юу юм бэ? гэвэл
- Энэ аав ээж хоёрын өмнө тавьсан тавагтай идээ, домботой цай.
- Баруун гарын арын зайг зааж Энд юу байдаг юм бэ? гэвэл
- Энд манай мянган адуу бэлчдэг бэлчээр.
- Баруун гарын ганцаар үлдсэн эрхий хурууг зааж Энэ юу юм бэ? гэвэл
- Энэ миний чөдөртэй шарга даага. Би шарга даагаа унаад Сүмбэр уулан дээрээ гарч адуу, хонио харъя даа гэж хэлээд Сүмбэр уулаа задлаад тоглоом маань дуусах нь.

 

Дэлхийн жишгийг дагаж хүүхдүүдээ хүмүүжүүлэлгүй яахав. Гэхдээ дэлхийн жишгийг үндэстний уламлалтай уялдуулбал гоц нэгэн төрөх биш гэж үү? Ухаант уншигчид минь мэргэн ухаандаа тунгаана биз ээ.

 

Хүндэтгэсэн, 

 

Mind of a Mongol - M.O.M

                                                                                             

                                                                                                                   Photographer: Nino Ortiz

 

   

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive